2015-11-19

Achievement

Тоглоом тоглож байхад янз бүрийн achievement өгдөг дөө. Жишээ нь Left 4 Dead 2 гэдэг тоглоомон дээр "The Sacrifice" гэдэг үеийг давахад энэ үеийг амжилттай давлаа гэсэн "SUPREME SACRIFICE" achievement өгдөг.

Үүнтэй адилаар амьдрал дээр ч гэсэн бид нар янз бүрийн achievement авч байдаг. Үүнийгээ нэг их юманд тоодоггүй болохоор заримдаа ч амьдрал түвэгтэй шүү хэхэ. Гэхдээ бүх зүйлийг achievement гэж төсөөлөөд хийвэл харин сонирхолтой байх юм шиг санагдлаа, өнөөдөр автобусанд явж байхдаа бодсон минь тэр.

Яаж гээч! Жишээ нь би өнөөдөр Зүүнсалааны тэр их хүн чихсэн, галзуу хулгана шиг автобусан дотор анх удаа хөл дээрээ гишгүүлэхгүй цэвэрхэн гуталтай бууж үзлээ. Ямар их урамшсан гэж санана. Орой харьж явахдаа энэ тухайгаа бодоод өөрөө өөртөө achievement өгч байгаа минь энэ.

Ингэхээр хэцүү юм бүхнийг давах гэж оролдох бүртээ "Энийг л давчих юм шүү, тэгвэл ийм achievement авна" гээд зүтгэвэл илүү хийхэд хялбар, хөгжилтэй, заавал давах даалгавартай болно биз? Гэхдээ хүн хүн өөр байх л даа, ямар ч байсан тоглоомчин хүний хувьд бол ийм байна.

За тэгээд тоглоомчин, PC донтон гэж ойлгодог хүмүүст, тоглоом гэдэг PC тоглоомын газраар төсөөлөгдөхөө больсон, ийм давуу талуудтай, гайхалтай зүйл гэж л хэлэх байна.

2015-11-06

Алдсан iPhone олох


Өнөөдөр Facebook-ээс нэг ийм гарчигтай мэдээлэл олж уншлаа. За ямархуу юм байх нь вэ гээд уншсан чинь ашиглахад их төвөгтэй юмаа, харин миний энд та бүхэнд хүргэх гэж байгаа арга бол 2 ч удаа алдаад олсон туршлага дээр үндэслэж байгаа учраас удаан ч гэсэн илүү найдвартай арга юм.
Хүн болгон Jailbreak хийгээд байж чадахгүй шүү дээ, эсвэл утсаа янз бүр болгож өөрчлөх дургүй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст л энэ нийтлэлийг зориулъя даа.
Та нар JailBreakMN.com дээр оруулсан аргыг үзэх бол эндээс уншиж болно. Би өөрийнхөө аргыг доор бичлээ.

  1. Эхлээд таны утас алга болсон байх ёстой (муу ёр байгаа даа :D)
  2. Танд хайрцаг нь эсвэл IMEI (Serial No) код нь байх ёстой. Таны утас гэж батлахын тулд шүү дээ, мөн өнгө, харагдах байдал энэ тэрийг нь мэдээж мэддэг байх. IMEI код яаж харахыг нь мэдэхгүй бол дуудлага хийх хэсэг дээрээ *#06# гэж бичингүүт гарч ирнэ. Ер нь хайрцаг сав, худалдаж авсан бичиг, энэ кодуудыг гэртээ нэг юман дээр хадгалаад, архивлаад авчих хэрэгтэй.
  3. Find My iPhone асааж, ID lock хийж түгжих хэрэггүй! Тийм ээ, та зөв уншсан. Ингээд түгжчихсэн утсыг (iPhone 4S-ээс дээш хувилбаруудыг) тайлах арга бараг байхгүй учир шууд сэлбэгэнд зарна. Ингэвэл та хэзээ ч утсаа олж чадахгүй юм. Харин утас ассан тохиолдолд байршлыг нь хараад л цагдаадаа мэдэгдээд сууж байхаас өөр арга байхгүй.
  4. Утсаа алдсанаа мэдсэн дариудаа тухайн дүүргийн цагдаад, эсвэл таньдаг цагдаа байдаг бол шууд хандаж, өргөдөл бичиж бүртгүүлнэ. Ингэхдээ нөгөө хадгалсан IMEI кодоо, бусад шинжийн хамтаар хэзээ, хаана, яаж алдсанаа нэгд нэгэнгүй хэлж, хаана алдсанаа баримжаагаар мэдэж байвал тэр хавийн камеруудыг шүүлгэж, сэжигтэй санагдсан хүмүүсийн талаар мэдүүлэг өгнө дөө. Хэрвээ таны аз таарч хүнд сурталгүй цагдаа таарвал шуурхай ажиллаж Хармайны (Халаасны гэдэг билүү, хэхэ) хулгайтай тэмцэх хэсгээс таны мэдээллийн дагуу хүмүүсийн царай таниулах, камерын бичлэг үзэх зэргээр ажил ундарч өгнө.
  5. Энэ хооронд "манай хулгайч" сэргэлэн гар бол гялс iTunes-д холбоод "Recover as new iPhone" гэнгүүтээ нэг "гарт" хямдхаан зарчихна. Хэрвээ азгүйтэж жаахан мэдлэг муутай нөхөр утсыг чинь туучихсан бол шинэ юм шиг утас болгох хүртэл жаахан хугацаа орно доо. 
  6. Харин авч байгаа хүндээ бол "Мобигоос авсан, мөнгөний хэрэг гарлаа" энэ тэр гээд бурж байгаад өгчихсөн учир нөгөөтөх нь юу ч мэдэхгүй ашиглаж эхэлнэ.
  7. За энэ хооронд нөгөө талд цагдаа юу хийх вэ гэхээр, мэдээж зүгээр суухгүй ээ. Таны өгсөн IMEI кодыг үүрэн телефоны операторууд руу "Ийм ийм дугаартай утсыг ямар дугаартай хэрэглэгч барьж байна вэ?" гэсэн утгатай албан бичиг хүргүүлж, бүртгүүлсэн байна. Хэрэв "манай хулгайч" утсыг тань зарж амжсан бол авсан хүний дугаарыг цагдаад эргүүлж явуулна. Харин үгүй бол дахиад л жаахан хугацаа орно. 
  8. Дугаарыг нь нэгэнт олоод авсан юм чинь цагдаа нарт утсыг чинь авсан хүн рүү залгаад хэсэг дээр нь ирэхийг үүрэгдэх, ирэнгүүт нь утсыг нь хурааж авах гэсэн ажил л үлдэнэ. Харин танд бол гэртээ суугаад хүлээх, утас олдонгуут очиж авах, мэдүүлэг бөглөх ажил л үлдэж байгаа юм.
Энд нэмж хэлэхэд таны утсыг аваад ямар ч ашиглах боломжгүй болгоод үрэн таран хийсэн нөхөр чинь төлбөрийн чадваргүй нөхөр бол ял аваад, та хохироод л үлдэнэ гэсэн үг шүү, тиймээс аль болох хүнд хурдан зарагдах нь л бид нарт ашигтай юм.

Мөн энэхүү туршлага нь зөвхөн iPhone дээр хэрэгжсэн бөгөөд Android чухам яадгийг мэдэхгүй байна, туршаад үзэхэд гэмгүй л байх.

Мөн "жаахан хугацаа" гэдэг хугацааны хэмжүүр нь цагдаагийн үйл ажиллагаа, хүнд суртал, таны азнаас шалтгаалаад хэр урт хугацаа болох нь тодорхойлогдоно шүү.
Аз таарч авсан хүн нь камерт бичигдсэн бол үйл явцыг улам л хурдасгана гэсэн үг.

Зүв зүгээр байж байгаад саяхан худалдаж авсан утсаа цагдаад хураалгачихсан хүмүүс бас хөөрхийлөлтэйяа. Дээр нь утасны хулгайн хэрэгт сэжиглэгдээд. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, та үнэхээр хулгайлаагүй л бол танд зарсан хүнийг зааж өгөх, хохирлоо барагдуулах эрхтэй. Олон хүн дамжсан бол цаад хүн нь цаашаагаа хохирлоо барагдуулах замаар явагдана.

Мөн iTag гэх мэт хэрэгслүүд ашиглавал утас алдсан ч тэр доор нь мэдэх боломжтой юм шиг байна лээ.


ДҮГНЭЛТ:

  1. Аль болох барьж байсан утсыг авахдаа хайрцаг сав, өнгө зүс нь таарч байгаа эсэх, нөгөө хүнийхээ холбогдох утас, зураг, болж өгвөл дэлгэрэнгүй мэдээллийг авч байх.
  2. Анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх, хайнга зангаа засах (хэхэ)
  3. Утсан дээрх хэрэгтэй мэдээллүүдээ байнга компьютер руугаа backup (Архив) хийж байх
  4. Тэвч, итгэ, хүлээ. Тэгээд л утсаа буцааж авна даа.