За өчигдөр миний хувьд бөөн хожигдол амсдаг өдөр байлаа даа. Өдрийн 2 цагаас эхлээд л Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай дээрээс Монголын Шигшээ багаа дэмжээд, хөлдөтлөө зогсож, хоолойгоо сөөтөл орилоод ч амжилтанд хүрсэнгүй, Зүүн Тимор гэгч улсад 1 – 0 хожигдож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5 – 1 болсон нь 2018 онд Оросод болох дэлхийн аваргын тэмцээний болон Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоос хасагдах маш тодорхой шалтгаан болов оо хөөрхий.
Шөнө нь Арсеналынхаа аваргуудын лигийн шигшээ 16 багийн тоглолтын хариу тоглолтыг Монакотай хийхэд нь үзээд 2 – 0 хожсон боловч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 3 – 3 болж, айлын талбайд олон гоол оруулснаараа Монако шигшээ 8 руу шалгарлаа. Уг нь ганц бөмбөг хийчихсэн бол ч. За энэ тухай бүүр дараа нь бичнээ.
Тэмцээний зохион байгуулалт:
За зохион байгуулалт гэж үнэндээ авах юм юу ч байсангүй дээ, хамгийн түрүүнд монголд байдаг хөлбөмбөгийн фен клубуудийн удирдлагуудтай холбоо барьж, тус бүрээс нь 25 дэмжигчийг талбайн төв хэсэгт тусгай нүүр будалт хийлгэн, ижил өнгийн подволкоор төрийн далбааны дүрс гарган суух ёстой гэж сүржигнэж байсан ажил нь жинхэнэ нохойн баас болсон доо. Тэнд түрүүлж орсон нөхдүүд голоор суугаад, подволкийг бие биенээсээ өрсөж авах гэж дайрч байсан бол тарааж байсан хүмүүс нь сүүлдээ залхсан уу яасан “Хуваагаад авцгаа” гээд шидэж байгаа харагдсан. Манай Арсеналын фен клубээс очсон хэдэн нөхдийн тоотой хэд нь авсан байх, суудал аваад алсхан сууж байсан мань мэтийн хүмүүст олдоо ч үгүй, араас нь нэхэл дагуул болж суудал давж үсэрсэн ч үгүй. Подволкны тухайд ийм байна, нүүр будалт гэж хийсэн үү үгүй юу, сүүлд тараад гарч явахад нэг залуу нүднийхээ доогуур улаан будгаар будсан байсныг эс тооцвол талбай дээр ч, гэртээ хариад зурагтаар өөрийгөө харчих санаатай нэвтрүүлгээ нөхөж үзэж байхад ч харагдаагүй.
Зурагт гэснээс шууд дамжуулалтын багийнханд бас л жалоб хэлэх нь дээ. Үндэсний телевизийн шууд дамжуулалт бол үнэнийг хэлэхэд юу ч харагдахгүй байна лээ, арай дэндүү муу дамжуулдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Юун өөрийгөө олж харах нь бүү хэл, тоглогчдын царайг камераа тултал нь татаад гаргасан ч харагдахгүй байна лээ, худалч хүнд бол. Суваг солиод “Тод харуулна” гээд л байнга дундуур нь рекламдаад байсан ETV дээр үзсэн арай дээр юм, бас ч боломжийн. Гэхдээ тайлбарлагч нь сэтгэлд хүрсэнгүй, Үндэсний телевизийн тайлбарлагч бол бас ч нөгөөхөө бодвол гайгүй, тоо баримт, тактик яриад ядахнаа л алдаж эндэж зөрүү буруу хэлэх нь цөөн юм. За ETV тайлбарлагч бол хэрэг алга, “Португалийн шигшээ багийн.. өө уучлаарай үзэгчдээ, Тиморын багийн …” гээд л хэд ч удаа буруу хэлэв дээ. Уур ч хүрэх шиг. Тэгж байж нэг юм өөрийгөө олж харах нь харсаан :P
Намайг таньдаг хүн байвал энэ дундаас олоорой :P |
Хөгжөөн дэмжигчид:
Тоглолтын хамгийн сүртэй хэсэг нь хөгжөөн дэмжигчид байв. Хэдийгээр подволкноос болж хэсэг нь “алалцаж”, суудал дүүрээд багтахгүй хашаан дээр, машин дээрээ, сургуулиа тараад ирсэн хүүхдүүд төмөр торны цаанаас гэх мэтээр хүн болгон чадах ядахаараа дэмжихээр, сонирхохоор ирсэн байлаа. Бөмбөртэй, тугтай, цаанаас тарааж өгсөн балиагшигны цохиуртай, зарим боломжтой нэг нь өнгө өнгийн хиймэл үстэй, бүрээтэй, зургийн аппараттай, дэмждэг багийнхаа малгай, ороолт, тэр ч байтугай улсынхаа далбаан дээр Bayern Munich-ын логог байрлуулсан дэмжигч ч байсан. Стадионы 5000 суудал бүрэн дүүрсэний дээр гадуур байсан хүмүүс нийлээд 7000 орчим хүн цугласан гэж facebook группүүдээр бичсэн байна лээ. Нэг талаараа бид үнэхээр сэтгэл гаргаж улсынхаа шигшээг дэмжихээр ирсэн, гэвч мөн л суралцах юм их байна аа.
Ядахнаа л дор дороо байгаа тарьсан хогоо аваад гарчих сэтгэлгүй л байлаа. Хамгийн энгийн зүйлээс л агуу зүйл эхэлдэг гэдэг шүү дээ. Мөн рацизм гэдэг зүйл сүүлийн үед ихээр яригдаж байхад л, тоглолтын өмнө бие биенээ “NO TO RACISM” гээд л уриалж байхад л яг тоглолтын үеэр “Нигга”, “Fuck” гэх мэтийн хараал хэлж, доромжилж байх юм. Тэгээд дээр нь шигшээ багийнхнаа “Тийш нь дамжуулаач”, “Шууд урагшаа гүйгээч, хойшоо л тоглоод байх юм, тэнэг чинь”, “Тэр … дугаартай нөхөр яасан реклам нөхөр вэ, худлаа онгироод” гэх зэрэг үгс энд тэндээс эвгүй л сонсогдож байсан. Энэ чинь л хэрэггүй эд шүү дээ, чадахаараа л хичээж байхад. Аль ч газар иймэрхүү байдаг гэх л байх л даа зарим хүмүүс, гэхдээ л мууг нь заавал дуурайх хэрэг байгаа ч юм уу. Үлгэр жишээ фанатууд байсан нь дээр бус уу л гэж. Гэхдээ л хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйлсийн нэг нь яах аргагагүй л фанатууд байлаа. Хамгийн сүүлд талбай руу орж шигшээ багийнхныг тэвэрч баяр хүргэж байсан халамцуу ах бүүр хөгжилтэй. Өнөөдөр дуулахнээ цагтаа цалгиж явсан хөлбөмбөгчин ах л гэх. Хэн мэдлээ.
Шигшээ багийнхан:
Манайхан цоглог байсөөн, эхлээд удаагүй байхад нэг бөмбөг алдаад хожигдсоныг эс тооцвол. Хэзээ манай хөлбөмбөгчид гадаадын нэг багтай ингэж тоглож байлаа даа. Дамжуулалт, довтолгооны хувилбарууд муугүй, за тэр Гарьдмагнай гээд хамгаалагч бол яг л манай Арсеналын Мертезакерийг санагдуулам байсан даа. 2 давхарт ч тэр, дамжуулалт уншиж тасалж байгаа нь ч тэр, хөдөлгөөн, багаа удирдаж байгаа нь ч тэр. Их л сайхан санагдсан. Мөрөн бол сайн тоглогч юм, тэр дундаа улсынхаа шигшээд бол од нь юм гэдгийг тод харж авлаа. Ерөөсөө ам дамжсан яриагаар ч биш үйл хөдлөл, чадвараараа тэгж харууллаа. Хууралт, довтолгооны санаачлага, кросс эднүүс бол бусдаасаа хол илүү юм. Өөлөх муулах юм гаргая гэвэл хаанаас ч хэн ч гаргаад ирж чадна, харин бид нарт бол тэр л илүүдээд байгаа юм. Одоо улам л их хичээх хэрэгтэй, лигийн тоглолтуудаа үзэж тоглогчдоо таньдаг болъё, хэн нь хэнээсээ сайн гэдгийг мэддэг байж гэмээж нь сонголт хийхэд ч тус дэм болж магадгүй шүү дээ. Дээр нь ХБХ-оо улам хүчирхэгжүүлэх шаарлагатайг ч харлаа, стадионоо томруулъё, үлгэр жишээ фанатууд болцгооё гэж. Хамгийн сүүлд нь “БАГТАА ИТГЭЦГЭЭЕ, БАГАА ДЭМЖИЕ” гэж хэлмээр байна даа.
Жич: Зургуудыг энэ холбоосоор орж үзээрэй. Ковер зургийг GoGo.mn сайтаас авч ашигласан болно.
Өө нээрээ өнөөдөр чинь “Мартын 18″ юм байна ш дээ, бүх эрчүүддээ “Цэргийн баярын мэнд хүргэе!
Hehe
ReplyDelete